Галзуу өвчин
Галзуу өвчин | |
---|---|
Classification and external resources | |
ICD-10 | A82 |
DiseasesDB | 11148 |
MedlinePlus | 001334 |
eMedicine | med/1374 eerg/493 ped/1974 |
Patient UK | Галзуу өвчин |
MeSH | D011818 |
Галзуу өвчин нь хүн болон бусад бүлээн цуст амьтанд хурц хэлбэрийн тархины үрэвсэл үүсгэдэг вирусийн гаралтай өвчин юм.[1] Халдвар авсан тохиолдолд халуурах, хазуулсан эсвэл уруулсан шархны орчмоор чимчигнэх зэрэг өвчний анхны шинж тэмдэг илэрдэг.[1] Эдгээр анхны шинж тэмдгийн дараа огцом ширүүн хөдөлгөөн хийх, хянах боломжгүй хөөрөлд автах, уснаас айх, биеийн хэсгүүдээ хөдөлгөж чадахгүй болох, ухаан балартах, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.[1] Шинж тэмдгүүд илэрсний дараа галзуу өвчин голдуу үхэлд хүргэдэг.[1] Өвчний халдвар авсны дараа шинж тэмдэг илрэх хүртэлх цаг хугацаа нь ихэвчлэн нэгээс гурван сар байдаг. Гэхдээ энэ цаг хугацаа нь харилцан адилгүй байдаг бөгөөд нэг долоо хоногоос ч бага эсвэл нэг жилээс ч удаан байж болдог.[1] Шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа нь тухайн өвчний вирус төв мэдрэлийн систем рүү хүрч очих зайнаас хамаардаг.[2]
Галзуу өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг. Халдвар авсан амьтан өөр амьтан эсвэл хүнийг хазах эсвэл урах тохиолдолд энэ өвчин халдварладаг.[1] Мөн өвчтэй амьтдын шүлс хүний эсвэл өөр амьтны салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд халдвар дамжиж болдог.[1] Галзуу өвчин туссан хүмүүсийн ихэнх тохиолдол нь нохойд хазуулснаас халдвар авсан байдаг.[1] Галзуу өвчин тээгч нохой элбэг тархсан байдаг улс орнуудын хувьд галзуу өвчний тохиолдлын 99 гаруй хувь нь нохойнд уруулах, хазуулсны улмаас халдвар авсан байдаг.[3] Aмерик тивд, сарьсан багваахайнууд галзуу өвчний хамгийн нийтлэг шалтгаан болдог бөгөөд хүний нийт өвчлөлийн 5-аас бага хувь нь нохойноос гаралтай байдаг.[1][3] Мэрэгч амьтдад галзуу өвчний халдвар бараг дамждаггүй.[3] Галзуу өвчний вирус нь хоёрдугаар зэрэглэлийн мэдрэлийг даган тархинд хүрч очдог. Уг өвчний оношийг гагцхүү шинж тэмдэг илэрсний дараа тогтоох боломжтой байдаг.[1]
Амьтдын хяналт, вакцинжуулалтын хөтөлбөрүүд нь дэлхийн хэд хэдэн бүс нутагт нохойноос галзуу өвчин халдварлах эрсдэлийг бууруулж чадсан байдаг.[1] Өндөр эрсдэл бүхий хүмүүсийг халдварт өртөхөөс нь өмнө дархлаажуулж байхыг зөвлөмж болгодог. Өндөр эрсдэлтэй бүлэгт сарьсан багваахайтай ажилладаг эсвэл галзуу өвчин нийтлэг тохиолддог газар нутагт удаан хугацаагаар ажилладаг хүмүүс багтана.[1] Галзуу өвчний халдварт өртсөн хүмүүсийн хувьд уг өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө галзуу өвчний вакцин болон зарим үед галзуу өвчний эсрэг иммуноглобулин тариулсан байвал энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байдаг.[1] Уруулсан эсвэл хазуулсан шархыг 15 минутын турш савантай ус, повидоны иод эсвэл угаалгын бодисоор угаах нь вирусийг устгаж болзошгүй бөгөөд халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд тодорхой хэмжээнд үр дүнтэй байх шиг харагддаг.[1] Зөвхөн цөөн тооны хүмүүс асар их эмчилгээ хийсний үр дүнд галзуу өвчний халдварыг давж, эдгэрсэн байдаг. Ийм эмчилгээг Милваки протокол гэж нэрлэдэг.[4]
Галзуу өвчин нь дэлхийн хэмжээнд жил бүр 26,000-55,000 хүний нас баралтын шалтгаан болдог.[1][5] Эдгээр нас баралтын 95 гаруй хувь нь Ази болон Aфрикт тохиолддог.[1] Галзуу өвчин нь 150 гаруй улс оронд, Антарктидаас бусад бүх тивд бүртгэгдсэн байдаг.[1] 3 тэрбум гаруй хүн галзуу өвчин тохиолддог бүс нутгуудад амьдарч байна.[1] Европ болон Австралийн дийлэнх хэсэгт галзуу өвчин зөвхөн сарьсан багваахайд тохиолддог.[6] Олон жижиг арал дээр галзуу өвчин огт байдаггүй.[7]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.00 1.01 1.02 1.03 1.04 1.05 1.06 1.07 1.08 1.09 1.10 1.11 1.12 1.13 1.14 1.15 1.16 1.17 "Rabies Fact Sheet N°99". World Health Organization. July 2013. Татаж авсан: 28 February 2014.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 8 (help) - ↑ Cotran RS; Kumar V; Fausto N (2005). Robbins and Cotran Pathologic Basis of Disease (7th ed.). Elsevier/Saunders. p. 1375. ISBN 0-7216-0187-1.
{{cite book}}
: Invalid|display-authors=3
(help); Unknown parameter|author-separator=
ignored (help) - ↑ 3.0 3.1 3.2 Tintinalli, Judith E. (2010). Emergency Medicine: A Comprehensive Study Guide (Emergency Medicine (Tintinalli)). McGraw-Hill. pp. Chapter 152. ISBN 0-07-148480-9.
- ↑
{{cite journal}}
: Empty citation (help) - ↑
{{cite journal}}
: Empty citation (help) - ↑ "Presence / absence of rabies in 2007". World Health Organization. 2007. Татаж авсан: 1 March 2014.
- ↑ "Rabies-Free Countries and Political Units". CDC. Татаж авсан: 1 March 2014.